Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.
СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ
Үүсгэн байгуулагчийн мэндчилгээ
Ихэнх хүмүүс хөгжлийн бэрхшээлийг тэргэнцэр эсвэл суга таягтай хүнээр төсөөлөхөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй бол ирээдүй нь бүрхэг, насан туршдаа бусдын туслалцаа дэмжлэг шаарддаг, зовж зүдэрсэн хүмүүс мэтээр ташаа ойлгодог. Гэвч хөгжлийн бэрхшээл нь тулгуур эрхтний бэрхшээлээс гадна нүдэнд шууд харагдахгүй хөгжлийн бэрхшээлүүд болох сурлагын бэрхшээл (дотроо унших чадварын бэрхшээл, бичих чадварын бэрхшээл гм олон төрөлтэй), сэтгэл хөдлөл зан авирын бэрхшээл, тусгай хэл ярианы бэрхшээл, аутизм, оюуны бэрхшээл, эрүүл мэндийн асуудлууд (багтраа, цусны эмгэг, бөөрний дутагдал зэрэг эмнэлэгт ойр ойрхон үзүүлэх шаардлагтай, амархан ядраадаг, өвдөлт, дотор муухайрах зэрэг асуудлуудын улмаас хичээл дээрээ шаардлагтай хугацаанд анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээл үүсгэдэг өвчнүүд) зэрэг олон асуудлыг хамруулсан том ойлголт бөгөөд ямар бэрхшээлүүдийг хамруулан үзсэнээс шалтгаалан, ойролцоогоор сургуулийн насны 10 хүүхэд тутмын 1 нь хүнд хөнгөний зэргээрээ ялгаатай, ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй байдаг.
Түүнчлэн, хөгжлийн бэрхшээл нь төрөлхийн болон олдмол (хэвийн төрсөн боловч ямар нэг өвчин эмгэг, осол гэмтэл, орчны бусад хүчин зүйлээс болон хөгжлийн бэрхшээлтэй болох), түр зуурын болон насан туршийн шинж чанартай байдгаас гадна орчин үеийн нотолгоонд суурилсан интервенци, эмчилгээ, тусгай сургалт, техник технологийн дэвшлийн тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлгүй хүүхэд, хүмүүсээс огт дутахгүйгээр бусдын дунд амжилттай сурах, ажиллах, нийгэмдээ хувь нэмрээ оруулах, зарим тохиолдолд оношоо гээх ч тохиолдол бий (ж: аутизм, оюуны бэрхшээл). Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамт сургах нь ердийн хөгжилтэй хүүхдүүдийн академик амжилтанд саад болдоггүй харин ч дэмждэг бөгөөд хувь хүн талаасаа улам хөгжүүлэх зэрэг олон талын давуу талтай. Иймээс ч АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 95%-аас дээш нь ямар нэг байдлаар ердийн сургууль цэцэрлэгт ямар нэг байдлаар сурч байна.
Үүнээс гадна миний хувьд хүнд хэлбэрийн сонсголын бэрхшээлтэй төрсөн боловч дунгийн суулгац ба тусгай боловсролын тусламжтайгаар дэлхийн шилдэг 10 сургуулийн нэгт доктор хамгаалж буй, хүнд хэлбэрийн саажилттай боловч томоохон их сургуулийн захирал хийж буй зэрэг олон гайхалтай үлгэр жишээ болсон хүмүүстэй биечлэн уулзаж байсан бөгөөд манай улсад ч ийм олон хүн бий болох орчин, нийгмийн хандлага, сургалт үйлчилгээний байгууллагуудыг бий болгохын тулд олон зорилго тавин үйл ажиллагаагаа 2019 оны 8 сараас эхлүүлсэн билээ. Манай академийн интервенцид хамрагдсан хэл яриа, харилцааны бэрхшээлтэй дунд болон хүнд хэлбэрийн аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн 70% гаруй нь огт ярьдаггүй байж байгаад ямар нэгэн хэлбэрээр амаараа яриад эхэлсэн бол 2 ч хүүхэд маань аутизмын оношоо гээж эдгэрсэнд бид бүхэн баяртай байгаа.
Манай үйл ажиллагааг сонирхон вэбсайтаар маань зочилсонд баярлалаа. Бидэнтэй ижил зорилготой, бидний үйл ажиллагааг дэмжихийг хүссэн хувь хүн, албан байгууллагын хамтран ажиллах санал болон хандив тусламжийг талархан хүлээн авч үйл ажиллагаагаа улам дэлгэрүүлэн ажиллах болно.
Хүүхэд бүхэн сурч чадна.
Болдын Солонго M.D., M.A. (Columbia University), ECFMG Certified
Үүсгэн байгуулагч & Гүйцэтгэх захирал
Хүний их эмч, Хөгжлийн бэрхшээлийн мэргэжилтэн
Манай хамт олон
Болдын Солонго
Хасарваань Сүрэн
Сайнбилэг Аззаяа
Бидний талаар сэтгэгдэлээс
Сайн байцгаана уу? Манай төвд өсөн торниж буй хүүхдүүд дунд онцгой содон хүүхдүүд олон бий. Тэдний нэг бол манай 5 настай хүү А юм. Хоёр жилийн өмнөөс хүүхдийн маань шинж тэмдгүүд илрэх болж, Аутизмтай хэмээн таамаглагдах болсон. Том болохын хэрээр шинж тэмдэгүүд нь тодорч, асарч хүмүүжүүлэхэд ч олон асуудлууд тохиолдох болсон. Хүүхдийнхээ асуудлаар олон төв, эмнэлэг, сувилалд хандсан бөгөөд бидний нөхцөл байдлыг хамгийн ихээр ойлгон, хүлээн авч, бидэнд гүн туслалцаа үзүүлсэн танай хамт олонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
Зөвхөн хүүхдэд маань цогц оношлогоо хийгээд зогсохгүй, асран хамгаалагчдад чиглэсэн сургалт, зөвлөгөө нь маш их үр дүнтэй санагдсан. Учир нь би аутизмын шинж тэмдэг илрээд байсан хүүхэддээ гадаад дотоодын олон арга хэрэгслийг ашиглаж, эм эмэн эмчилгээнд ч хамрагдуулж байсан ч үр дүн багатай байсан бол Аутизм ба онцгой хүүхдүүдийн академийн нэг удаагийн сургалтанд хамрагдаж, тэгэхэд сурсан арга зүйгээрээ хүүхэдтэй ажиллахад хүү маань анх удаа "Багдаа би биден идье дэхүү" гэж бүтэн өгүүлбэрийг хэлсэн үр дүнг үзүүлсэн юм.
Магадгүй бидэнд нөхцөл бололцоо байгаад тэр онцгой хүүхдээ анх шинж тэмдэг илэрч эхлэсэн үед оношлуулж, энэхүү аргыг ашиглан, арга зүйн дагуу явсан бол, илүү эрт мэдсэн бол одоогийнхоос ч илүү үр дүн гарах байж дээ гэсэн бодлыг энэхүү аргын ач тусаар хөгжиж чадсан хүүхдүүдийн судалгаа төрүүлдэг. Аутизмын хам шинж хэдийгээр бүрэн эдгэхгүй ч хөгжүүлж болдог. Би хүүхдээ оношлогоонд хамрагдуулаад явж байхдаа хамт оношлогоонд орсон хүүхдүүдийн аав, ээжүүдээр үнэхээр их бахархах сэтгэгдэл төрсөн. Тэд хүүхдээ бусдаас онцгой байгаад нь маш их сэтгэл зовдог, гуниглаж гутардаг, зарим нь өөрсдийгөө буруутгадаг ч байдал анзаарагдсан. Гэтэл тийм онцгой хүүхдэд хамгийн их шаардлагатай анхаарал халамж гэдэг зүйлийг тэдгээр эцэг эхчүүд үргэлж өгч байна шүү дээ. Харин Аутизм ба онцгой хүүхдүүдийн академи бол тэдгээр төөрөлдөж будилсан ээж аавуудыг зөв замд нь хөтөлж, амьдралын өнгийг нь буцаан гэрэлтүүлдэг газар юм гэсэн сэтгэгдэл төрсөн шүү.
А хүү маань ABA аргын ачаар бусадтай харилцах чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвараа дээшлүүлж, эерэг сэтгэл хөдлөлийн илэрхийлэл нь нэмэгдсээр байна. Та бүхэнд баярлалаа.
— Өнөр бүл хүүхдийн төвийн сэтгэл зүйч Д. Халиун
Сайн байна уу,
Миний хүү анх 3 настай байхдаа Аутизм эмгэгтэй гэж оношлогдож байсан. Тухайн үед миний хүү ганц ч үг хэлдэггүй, нэрээр нь дуудахаар сонсоогүй мэт л цаашаа хараад суугаад байдаг байсан. Ганц ч үг хэлэхгүй, оролдох ч үгүй байгаа болон юм дуурайдаггүй, үеийн бусад хүүхдүүдтэй тоглодоггүй зэрэг зүйлс аль эртнээс ажиглагдаж байсан боловч Монголчууд "эрэгтэй хүүхэд хожуу хэлд ордог" гэж хэлдэг болоод ч тэр үү, ямар ч байсан "болох байлгүй" гэж хойшлуулж явсаар 3 нас хүргэсэн.
Хүүгээ анх оношлуулсаны дараа сургалтанд хамруулах гэж нэлээд хайсан боловч огт ярьдаггүй хүүхэд хэл засалд авахгүйгээс гадна Аутизмын онцлогтой хүүхдэд зориулсан сургалт олдоогүй. Тэгээд бид хоёр гэртээ юм сурах гэж хэсэг оролдсон боловч миний хүү их хөдөлгөөнтэй, анхаарал хором ч тогтдоггүй, маш зөрүүдээс гадна сонирхолгүй болоод ч тэр үү нэг юм маш олон тавтаад ч сурахгүй, ер нь хүү бид хоёрын аль алийх нь тэвчээрийг их шалгасан боловч үр дүн харьцангуй бага гарсан.
2019 оны 8 сард буюу миний хүү 5 хүрдэг жил "Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академи" анх нээгдэж, аав бид хоёр нь хүүгээ энд сургалтанд явуулж эхэлсэн. Онцгой Хүүдүүдийн Академи дээр анх үнэлгээнд ороход миний хүүгийн ихэнх үзүүлэлт нь 0-18 сартай хүүхдийн хэмжээнд гарч байсанд би өөрөө бол гайхаагүй ч эмээ, өвөө нар нь сэтгэлээр их унаж байсан.
2020 оны 5 сард, энэхүү сэтгэгдэлийг бичих үед, миний хүү 7 хоногт 3 өдрийн давтамжтайгаар 7 сар гарам хугацаанд хамрагдаад байгаа бөгөөд одоогоор дараах өөрчлөлтүүд ажиглагдаж байгаа. Үүнд:
-
Огт юм дуурайдаггүй байсан бол одоо биеийн хөдөлгөөнөөр үзүүлсэн, харуулж заасан юм дуурайж хийдэг болсон.
-
Нэрээр нь дуудахаар хардаггүй байсан бол одоо харна, хүрч ирнэ.
-
Үг хэлдэггүй, авиа дуурайдаггүй байсан бол одоо толгой дохиж эсвэл сэгсэрч асуултанд хариулахаас гадна "за", "тийм", "мөн", "ээжээ" зэрэг үгүүд зөв, буруу хэлдэг болоод байгаа бөгөөд авиа дуурайх гэж, харилцах гэж хүү өөрөө оролдож байгаа нь миний хувьд хамгийн том амжилт шиг санагддаг.
-
Мөн өөрөө ярих гэж оролддог болсоноосоо хойш нэг заавартай, энгийн өгүүлбэрүүд маш сайн ойлгодог болсон,
-
Өөрөө халбагаар хоолоо идэж байгаа, хог хаяж байгаа зэрэг олон, олон өөрчлөлтүүд өдөр бүр ажиглагдаж байгаа. Мэдээж ид шидийн зүйл гэж байхгүй учираас ажиллагаа, цаг хугацаа, тэвчээр, тэгээд мэдээж маш их хайр ордог ч миний хүү өдөр бүр том жижиг гэлтгүй шинэ юм сурж, хөгжиж байгаа нь аав бид хоёрт нь ирээдүйд Эрхэмсүлд аав, ээжийнхээ үгүйд өөрийгөө авч явж чадах амьдарлын чадвартай болох бол уу гэсэн найдвар төрүүлдэг.
— 5 настай хүү Эрхэмсүлдийн ээж Буяндэлгэр
Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье
Танай ээж аавуудын сургалтанд сууснаасаа хойш манай хүүгийн хэл яриа бага хэмжээгээр хөгжиж байгаа. Одоо "ээжээ, ээжээдээ хайртай, надаадаа, идье" гэх үгийг ойролцоогоор хэлдэг болсон. Хүүгийнхээ хэл яриа, харилцааг хөгжүүлэхийн тулд түүнтэй богино үг, өгүүлбэрээр биеийн хэл буюу үйлдэлтэй хамтад нь үзүүлж харилцаж байгаа. Танин мэдэхгүй, сэтгэхүйг нь хөгжүүлэхийн тулд анхаарлыг нь төвлөрүүлдэг булан үүсгэж, өөрт нь тохирсон сурагчийн ширээ сандалд сурган карт, зурагтай ном, хүүхдийн дуу, видео үзүүлж байгаа бөгөөд хүү маань тогтож үздэг болж байгаа. Хүү минь тэврүүлэх, үүрүүлэх, скүтэр унах зэрэг үйлдлүүдийг хийхийг хүсэж байгаагаа өөрөө чиглүүлж хөдөлгөөнөөрөө хэлдэг болсон. Муу зуршлаасаа шүлсээ нулимахаа бүр мартсан, юм шидэх гээд далайхаар нь боль болохгүй гэхээр больдог болсон. Хүүтэйгээ харилцахдаа 3 секундын хүлээх арга, урамшууллын аргыг байнга хэрэгжүүлж байна. Одоогоор живхнээс гаргаж чадаагүй байгаа.
Миний хүүд дутагдалтай зүйл их байгаа боловч түүнтэй ажиллах тусам юмыг амархан сурч сайжирч байгаад бид их баяртай байгаа.
Бидний сэтгэгдэл:
Хүүгийнхээ оношийг яг эцэслэн тогтоож чадахгүй байсан бөгөөд хэд хэдэн эмгэг хавсарсан байх магадлалтай гэж бодож байсан учраас танай байгууллагыг сонгож үнэлгээ хийлгэсэн.
Танай байгууллага миний хүүд зөвхөн аутизм гэхгүй өөр бусад хавсарсан эмгэг байгаа эсэх талаар дэлгэрэнгүй, цогц үнэлгээ хийж өгсөн нь бидэнд олон байгууллагад хандах шаардлагагүйгээр нэг мөр хүүхдийнхээ оношийг тогтоолгох боломжийг олгосон. Мөн хүүхэдтэйгээ хэрхэн ажиллаж, яаж хөгжүүлэх талаар мэдэхгүй байсан нөхөр бид хоёрт ээж аавуудад зориулсан дадлагатай сургалтыг тусгайлсан зөвөлгөөний хамт өгсөн нь хэрэгцээ шаардлагад минь нийцэж чадсан. Тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдэх талаар чөлөөтэй ярилцаж, эргэх холбоотой мэргэжлийн эмчээс зөвөлгөө авах боломжийг олгож байгаад талархаж байна. Бидэнтэй адил үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө санаа зовнож, хэрхэн хөгжүүлэх, ажиллах талаар мэдэхгүй асуудал тулгарч байгаа эцэг эхчүүд та бүхэн минь энэ мундаг мэргэжлийн хамт олноос зөвөлгөө авч хамтран ажиллаарай. "Миний хүү, охин зүгээрээ, битгий муу юм бод" гэх зэрэг өөрийгөө тайвшлуулж, найдаж цаг хугацаа битгий алдаарай. Эрт оношлогдох тусам богино хугацаанд хүүхэд тань эрүүл энх болох болно.
Бусдаас өөрийгөө тусгаарлаж, дотогшоогоо хандлагатай хүүхдүүд аутизмтай байдаг юм байна гэж өнгөцхөн ойлгодог байсан бол танай байгууллагаар үнэлгээ хийлгэснээс хойш аутизм гэдгийг өргөн хүрээнд ойлгосноос гадна өөр бусад эмгэгтэй хавсарсан тохиолдол байдаг юм байна гэдгийг ойлгосон.
Хүүгээ танай АВА интервенци эмчилгээнд цаг алдалгүй яаралтай хамруулах чин хүсэлтэй байна. Мөн зөвхөн мэргэжлийн хүмүүст хэдэн цаг даатгаад зогсохгүй би өөрөө хүүтэйгээ хэрхэн ажиллах талаар суралцаж, зөвөлгөө авч хамтарч ажиллах хүсэлтэй байна. Хүндэтгэсэн,
— 5 настай хүү Бархүүгийн ээж
Сургалтын хувьд хамгийн гол асуудал юунд байгааг ойлгож авч,хамгийн түрүүнд юунд анхаарах гол юмаа сурч авсан гэж бодож байна./ABA/ Мөн аутизмын тухай ойлголт илүү шинжлэх ухаанд суурилсан мэдлэгтэй болж,зан авирын бэрхшээлийг хамгийн түрүүнд засах хэрэгтэйг ойлгож авсан. Энэ мэт сурсан зүйлсээ сургалтанд суусны дараагаас хэрэгжүүлж эхэлсэн, түүнээс хойш одоогоор үг хэлээгүй байгаа ч ярих эрмэлзэл нь жаахан нэмэгдсэн. Магтаж урамшуулаад хоол идэх,тоглох,шээх тал дээр дэвшилт гараад л байна. Энэ мэтчилэн болмоор санагдсан.
Танай байгууллагаас явуулах дараа дараагийн сургалт,арга хэмжээ,веб сайт гэх мэтэд хамрагдах хүсэлтэй байна. Зөвхөн оношлогоо үнэлгээ хийгээд орхидог биш хүүхдүүдтэй аав ээж хэрхэн ажиллаж юу болж байна юу болохгүй байна гэдэг дээр эргэх холбоотой байдагт баяртай байна. АВА интервенци эмчилгээнд хүүхдээ хамруулах хүсэлтэй байна.Амжилт хүсье.
— 3 настай хүү Цэндбаярын ээж, ааваас
Хүүхэд тус бүрт тусгайлан бэлтгэгдсэн байсан нь маш их тустай байсан
Сайн байна уу, Манай хүүгийн хэл яриа бага багаар хөгжиж байгаа. Одоо ус ууя, идий, унтъя, босох уу, утас авъя зэрэг үсийг байнга хэрэглэж байгаа.
Сургалтаас сурсан зүйлсээ хэрэгжүүлэх гэж эхэндээ нэлээд хичээсэн боловч хүүхдээ өрөвдөөд ерөнхийдөө их хэцүү байсан учраас одоо бол ягштал хэрэгжүүлж чадахгүй байгаа. Аль болох тайван аз жаргалтайгаар хөгжөөсэй гэж бодоод арай л зөөлөн байгаад байгаа гэж бодож байна.
Хүү маань 5 нас хүрсэн боловч хүнтэй харилцах чадваргүй байсан. Анх 3 настайгаас нь анзаарч олон газруудад хандаж үзсэн боловч эцсийн байдлаар оношлогоо авч чадаагүй байсан. Яагаад гэвэл хэл ярианаас бусдаар их асуудал байдаггүй байсан болохоор аль аль талдаа эцэслэн оношлоход хэцүү байсан. Танай байгууллагаас авсан оношлогооны агуулга дэлгэрэнгүй маш ойлгомжтой байсан. Мөн эцэг эхчүүдэд зориулсан сургалтаар хүүхэд тус бүрт тусгайлан бэлтгэгдсэн байсан нь маш их тустай байсан.
Ээж аавуудад зөвлөхөд эрт оношлуулж эртнээс ажиллаж эхлэх тусмаа хэрэгтэй гэдгийг ойлгосон. Баярлалаа,
— 5 настай хүү Эрдэмбилэгийн ээж, ааваас
Сайн байна уу.
Аутизмтай хүүхдүүдтэй ажиллах мэргэжлийн behavior analyst хүн байгаа учраас манай гэр бүл Онцгой Хүүхдүүдийн Академийг сонгосон. Одоогоор Монголд яг ийм мэргэжлийн хүн гардан удирдаж ажиллуулж, системтэй засал терапи хийж байгаа газар хараахан байхгүй болов уу гэж таамаглаж бна.
Манай охин өмнө нь 2-3 настай байхдаа гадаадад АВА терапигийн intensive course-д хэд хэдэн удаа очиж хамрагдаж бсан. Мөн Монголдоо буцаж ирээд гадаадын онлайн терапид хамрагдаж бсан. Үр дүн тогтмол гарч хүүхэд мэдэгдэхүйц сайжирч байсан.
АВА интервенци эмчилгээ бол аутизмтай хүүхдүүдтэй ажиллахад үр дүнтэй байдаг нь нотлогдсон, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр юм. Гэхдээ энэ нь тухайн хүүхэд бүрт тохирсон тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу системтэй тасралтгүй ажиллах үед гарах үр дүн бөгөөд хүүхдийн онцлог, чадвараас шалтгаалж харилцан адилгүй хугацаа шаардагдана.
Онцгой хүүхдүүдийн академйн АВА интервенци эмчилгээнд хамрагдаж эхэлснээс хойш хойш аливааг зүйлийн ойлголт илүү сайжирч байна. Хүний өгсөн зааварчилгааг биелүүлж үг сонсдог болж байна. Анхаарал төвлөрөлт илүү их болж байна.
Мөн нэмж хэлэхэд Онцгой хүүхдийн академидаа их дуртай явдаг. Хүүхэд дургүйлгэхгүй дуртай явж байгаа нь терапистүүд хүүхдийн арга эвийг олж, сонирхолыг татаж чадаж бгааг илэрхийлж байгаа болов уу. Голдуу 2 үг холбож хэлдэг байсан бол одоо тэгэх үү гээд 3 дахь үгийг холбож эелдгээр хүсэлтээ илэрхийлдэг болсон нь хөөрхөн санагддаг.
Бусад ээж аавуудад зөвлөхөд хүүхдийн сэтгэхүй, танин мэдэхүйн хөгжил ид явагдаж цаашид ямар хүн болох гол суурь тавигддаг 3-5 насанд шаардлагатай засал терапиг тогтмол авснаар хүүхдийн хөгжилд маш их дэмжлэг болно. Тийм болохоор аль болох эрт мэргэжлийн засал терапид хамрагдаасай.
5 настай охин Тэмүүлэнгийн ээжээс
Сайн байна уу
Манай хүү Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академийн ABA Интервенци эмчилгээнд долоо хоногийн 5 өдрөөр яваад 6 сар гаруй болж байна. Маш олон эерэг өөрчлөлтүүд хүүд маань гарсан.
Манай хүү non-verbal буюу огт үг хэлдэггүй байсан бол одоо олон үгтэй болсон. Харилцааны тал дээр ялангуяа өөрийгөө илэрхийлэх оролдлого нь нэмэгдсэн. Багш нар нь аутизмтай хүүхэдтэй сайн ажилладаг, зөв харьцдаг, ойлгодог, зааж буй хичээл хөтөлбөрийн арга барил нь маш их таалагдаж байгаа.
Бас сурсан зүйлүүдийг нь тухай бүрт нь хэлж өгч, гэр бүлийн бусад гишүүд нь гэрт нь яаж дадлагажуулах тал дээр байнга сургадаг. Академийнхаа бүх багш нарт баярлалаа.
— 5 настай хүү Анандын ээж ааваас
Сайн байна уу
Би 2019 оны 4 дүгээр сард аутизмыг танулах аяны хүрээнд ээж аавуудын бичсэн аутизмын талаарх фэйсбүүк постуудыг уншиж Аутизмын талаар анх мэдэж, улмаар зарим шинжүүд нь манай хүүд байгааг анзаарч судалж эхэлсэн.Интернетээс мэдээлэл авахын зэрэгцээ эх нялхасын мэдрэлийн эмч СЭМҮТ-ийн сэтгэцийн эмчид үзүүлж мэргэжлийн оношлогоо хийдэг байгууллагад ханд гэсэн зөвөлгөө авсан. Ингээд судалж байгаад Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академид хандаж, цаг авч оношилгоо хийлгэж хүүгээ 2 ой 6 сартай байхад нь Аутизмын хөнгөн шинжтэй гэсэн дүгнэлт гаргуулсан.
Миний хувьд мэргэжлийн эмчтэй гэсэн гол шалтгаанаар Онцгой хүүхдийн академийг сонгож оношлуулсан байдаг. Монголд мэргэжлийн эмч, багш маш цөөн байдаг юм байна . Оношилгоо хийлгэснээс хойш сарын дараа хүүгээ авч аутизмтай хүүхдүүдийн ээж аавуудын группээс уншсан зөвөлгөөний дагуу Мухар хужиртын рашаанд явж байлаа. Тэгээд Онцгой хүүхдийн академийн АВА интервенци эмчилгээнд хүүгээ 2 нас 10 сартайгаас эхлэн 3 сар явуулсан. Энэ хугацаанд хүү маань ярих оролдлого хийдэг болж, хүн сайн дагаж хэлдэг болсноос гадна зураг зурах анхны оролдлогуудаа хийж эхэлсэн. Мөн багш нартаа дуртай , сургалтандаа явах дуртай байсан нь надад их сайхан байсан. Энгийн цэцэрлэгт явахын хажуугаар 7 хоног 3 удаа 3 цагаар ангидаа 3 хүүхэдтэй АВА интервенци эмчилгээнд хамрагдаж маш сайн дэвшил гаргасан. Ажил хийдэг эцэг эхийн хувьд хүүхдийнхээ хөгжилд гаргах цаг маш бага байдаг тул тусгайлан мэргэжлийн багш, эмчид даатган сургалтад явуулах нь хамгийн зөв санагддаг. Яагаад гэвэл аутизмтай хүүхэд энгийн хүүхдээс хэд дахин илүү анхаарал, сургалт, хичээл зүтгэл шаардаж байж аливаа зүйлд суралцдаг. Гэхдээ алхам алхамаар хөгжиж байгаа жижиг өөрчлөлтүүд нь эцэг эх бидэнд маш их аз жаргал бэлэглэдэг билээ. Ээжийн хувьд би Монгол улсад Онцгой хүүхдүүдийн академи шиг олон байгууллага байгаасай, мэргэжлийн эмч багш улам олон болоосой,бүх эцэг эхүүд өөрсдийн гэр ажилдаа ойрхон сургалтын төвд хүүхдээ хамруулах боломжтой байгаасай гэж хүсдэг. Одоо бид хүүгээ нөхцөл байдлаас болоод сургалтанд явуулж чадахгүй байгаа тул, Солонгоо эмчээс суралцсан зөвлөгөөний дагуу гэртээ аль болох хүүхдээ хөгжүүлэх гэж хичээж байна. Цаашид Сургуульд ортол нь байнга төрөл бүрийн сургалтанд явуулна гэж төлөвлөж байна. Мэдээж эцэг эх болсон бид хүүхдээ аль болох сайн сургаж нийгэм дээр бие даан амьдарч чадах чадвартай болгон хөгжүүлэх туйлын зорилготой билээ. Үүний тулд бууж өгөлгүй үргэлж илүү их хичээх болно. Таньд ч бас амжилт хүсье ~
— 3 настай хүү Эрхэсийн ээж,