Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.
СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ
НОМУЛАНГИЙН ЭЭЖИЙН ДУРСАМЖ:
Охин маань оношлуулахаасаа өмнө их инээдэг, ганцаараа уйлдаг, маш их үсэрдэг, юман дээр их авирдаг, бусад хүүхдүүдтэй тоглодоггүй, нүүр нүд рүү харахгүй гээд аутизмын бараг бүх шинж тэмдэг илэрч байсан. Тэгээд 2020 оны 11 сард буюу 2 ой 4 сартайд нь оношлуулаад баттай мэдсэн. Тэр үед Коронагийн эд хатуу хөл хорионы үе байсан болохоор ямар ч цэцэрлэг сургууль ажилладаггүй байсан. Тиймээс гэрээрээ охинтойгоо ажиллахыг хичээсэн.
Пазл, эвлүүлдэг тоглоомоор ажиллахад эхэндээ их дургүй, сонирхохгүй, бүр ойлгохгүй байгаа юм шиг л байсан. Гэхдээ яваандаа пазл эвлүүлэх их дуртай болж сайжирсан. Харин картаар ажиллах гэж оролдох үед их дургүй, карт харахаараа л стрессдэж уйлаад байдаг байсан. Ер нь өөрийн нь яг сонирхсон зүйл биш л бол харахгүй, тэр зүйлийг хийлгэх маш амаргүй байсан.
Ингээд бид Турк улс руу 2 ой 11 сартайд нь буюу 2021 оны 6 сард нь явсан. Тэнд яг нэг жил спорт эмчилгээ болон ганцаарчилсан “Зан үйл засалд” хамрагдаад 2022 оны 7 сард буцаад монголдоо ирсэн. Энэ хугацаанд охин маань хөдөлгөөн дуурайх, ажиглах чадвар, ойлгох чадвар нь сайжирсан ч авиа үг нь хэлэх чадвар гарч ирээгүй.
АВА ТЕРАПИЙН ЭХЭН ҮЕД
АНХНЫ АВИА ГАРГАЛТ
Миний Хоолой Ярианы аппликейшнийг АВА терапитай хавсруулан хэрэглээд 1 сар гаруй хугацааны дараа Номулан үг авиа хэлж эхэлж байна (хэдийгээр 5 нас хүрсэн үедээ эхэлсэн боловч).
Миний Хоолой Ярианы аппликейшныг хавсруулан хэрэглэж эхэлсний дараа үгээрээ ярьж сурахгүй нь гэж бодсон хүүхдүүд ч үг хэлж эхэлж байгаад бид баяртай байна ( Энэ тухай манай байгууллага когорт судалгаа хийж байгаа).
Мөн 5-аас доош насны хүүхдүүдийн хувьд үг хэлэх чадвар нь боломжийн сайн болсон тул Ярианы аппликейшн хэрэглэх шаардлагагүй болох тохиолдлууд манай байгууллага дээр ажиглагдаж байна (Харин 6-аас дээш насны хүүхдүүд маань хэдийгээр бүгд үг хэлж эхэлж байгаа ч үг хэлэх чадварын хөгжлийн хурд харамсалтай нь илүү удаан байна)
НОТОЛГООНД СУУРИЛСАН МЭДЭЭЛЭЛ #1
Аутизмтай хүүхдийн үгээрээ ярьж сурах боломж магадлалын олон улсын тоо баримт
Helen Tager-Flusberg 1 and Connie Kasari 2 1Boston University 2 University of California, Los Angeles
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн 30% орчим нь олон жилийн турш, төрөл бүрийн нотолгоонд суурилсан терапи, сургалтанд хамрагдсан боловч үгээрээ ярих чадваргүй хэвээрээ насанд хүрч байна.
Гэхдээ технологи, сургалтын арга барил улам бүр хөгжиж байгаа өнөө үед үгээрээ ярьж чадахгүй боловч Зан үйл засал, Ярианы аппликейшн, Тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар ерөнхий боловсролын сургуульд амжилттай сурах, ирээдүйд мэргэжил боловсрол эзэмших, найз нөхөдтэй болох, гэр бүл зохиох, бие даан амьдрах зэргийг сургах боломжууд бүрдэж олон олон амжилтын түүхүүд бүтээгдэж байна.
НОТОЛГООНД СУУРИЛСАН МЭДЭЭЛЭЛ #2
Аутизмтай хүүхдийн ярьж сурах магадлал наснаас хэрхэн хамаардаг тухай олон улсын тоо баримт
5 нас хүртлээ үгээрээ тодорхой хэмжээнд ярьж эхлээгүй хүүхдийн цаашид ярьж сурах магадлал маш бага ( 5-аас нас хүртлээ үгээрээ ярьж эхлээгүй хүүхэд цаашид ярьж эхлэх тохиолдол 53 жилийн хугацаанд 167 буюу жилд 3 тохиолдол л бүртгэгдсэн) тул Аутизм болон бусад хөгжлийн онцлогийг цаг алдалгүй эрт оношлох, Зан зүйл засал зэрэг нотолгоонд суурилсан терапид цаг алдалгүй, тууштай хамруулах чухал.
АУТИЗМЫН АКАДЕМИЙН АВА ТЕРАПИД ХАМРАГДААД 6 САР ГАРУЙ ХУГАЦАА ӨНГӨРСНИЙ ДАРААХ НОМУЛАНГИЙН ЭЭЖИЙН ДҮГНЭЛТ (2024 ОНЫ 1 САР БАЙДЛААР) :
-
Нүүр нүд рүү харах нь сайжирсан (өмнө нь үе үе санамсаргүй хөөрхөн хардаг байсан ч харилцах оролдлогод хардаггүй байсан).
-
Ойлгох чадвар нь нэлээд сайн болсон Авиа, үг хэлж эхэлсэн.
-
Үг хэлээд эхэлснээсээ хойш авиа гаргах ч сайжирч, өмнөх шигээ чадахгүй гэж уурлахгүйгээр сайн чадахгүй байсан ч хэлэхийг оролдож их хичээдэг болсон. Зарим хүүхдүүд чинь хэлж чаддаг хэр нь залхуураад хэлэхгүй байх тохиолдол байдаг юм байна лээ, манай охин бол тэгэхгүй дуурайж хэлэх гээд их оролдоод хичээгээд байдаг болсон, тэр нь их хөөрхөн :)
-
Зан авирын хувьд ганцаараа уйлж, инээх нь багасаж, хэлсэн үг ойлгож, команд биелүүлдэг болсон Өөрийгөө илэрхийлж эхэлснээс хойш бусадтай харилцах оролдлого нь нэмэгдсэн.
-
Ядаж л юм авахыг хүсэх үедээ хажуудах хүнээ хардаг болсон. Жишээ нь тавагнаас хүссэн юмаа авахдаа өөрөө шууд авахгүй ойролцоо байгаа хүнээс зөвшөөрөл хүссэн байдлаар хараад өөрийнхөөрөө энэ энэ гээд заана.
-
Өмнө нь хэлсэн үг ойлгохгүй ер нь гөлгөр талдаа байсан одоо бол аягүй сэргэлэн болсон.
6 САРЫН ДАРААХ ҮГ ХЭЛЭХ ЧАДВАРЫН АХИЦ
Номулангийн үгээрээ хэлэх чадвар сайжирч зөрүүдлэхгүйгээр өөрийн чадах хэмжээнд нэрлэж хийж байна
Номулан маань гэр бүлийн хамт цаашид үгээрээ ярих болон Ярианы аппликейшний тусламжтайгаар илүү дэлгэрэнгүй байдлаар өөрийгөө илэрхийлж сурах зэрэг чухал чадваруудаа хөгжүүлж ирэх жил сургуульд амжилттай сурахад чухал суурь чадваруудаа эзэмшихийн тулд хичээж байна. Амжилт! :)
САНАМЖ #1: ҮГЭЭРЭЭ ЯРИХ ЧАДВАРААС ГАДНА ӨӨР ОЛОН ЧУХАЛ ЧАДВАРУУД БИЙ
Хүүхдэд үгээрээ ярих чадвараас гадна бусдын хэлсэн үгийг сайн ойлгодог болох, зөрүүдлэх нь багасч багшийн шаардлагыг биелүүлж сурах зэрэг сургуульд сурах суурь чадваруудыг эзэмших, үгээрээ чадахгүй ч биеийн хэл болон технологийн тусламжтайгаар бусадтай харилцаж сурах гэх мэт олон чухал чадваруудыг АВА терапи, ААС терапи болон Тусгай хэрэгцээт боловсролын тусламжтайгаар эзэмшүүлэх боломжтой.
САНАМЖ #2: ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН АВА ТЕРАПИЙГ МОНГОЛДОО АВАХ БОЛОМЖТОЙ
Турк улсад АВА терапи болон спорт эмчилгээнд 1 жил хамрагдсан боловч үг хэлж огт чадахгүй хэвээр ирсэн Номулан охин маань манай байгууллагын АВА терапи, ярианы аппликейшн ба хэл засал хавсруулсан интервенцийн дүнд үг хэлж эхэлсэн.
Гэвч зарим хүмүүс гадаад хүн л бол дотоодын олон улсын түвшинд нарийн мэргэшсэн хүнээс илүү мундаг эсвэл дотоодын мэргэжилтнүүддээ үл итгэх хандлагатай байдаг. Иймд олон улсын түвшний мэргэжлийн боловсон хүчинтэй бөгөөд нотолгоонд суурилсан арга аргачлал ашигладаг байгууллагууд улам олон болохын зэрэгцээ энэ чиглэлийн байгууллагын стандартчилал нэвтрэх чухал байна.