top of page
Хүүхэд бүрийн өнөөдрийн амжилтанд хүрсэн түүх өөр 

ЯЛГУУНЫ ТҮҮХ 
​/ 5 НАСТАЙ ОХИН /

IMG_0127_edited_edited.jpg

Охин маань 3н настайдаа огт ярьж чадахгүй хэвээрээ, нүүр нүд рүү харахыг хүсдэггүй, олон төрлийн мэдрэхүйн асуудлуудтай , гараа савчих, нүднийхээ өмнө эргэлдүүлэх үйлдэл их хийдэг, их уйлдаг, уурлахаараа хойшоо савж унаж, толгойгоо мөргөх зэргээр өөрийгөө гэмтээх үйлдэл хийдэг байсан.

ЯЛГУУНЫ ЭЭЖИЙН ДУРСАМЖ: 

Бид охиноо нэг л өөр байгааг 1 насны төрсөн өдрөөр нь мэдсэн. Зөндөө олон гоё тоглоом, барби, плаж, хүүхдүүд байхад харахгүй, тоохгүй, хамт тоглохгүй уйлаад л байсан. Тэр төрсөн өдөр бол уйлсаар байгаад л дууссан. Тэгээд 3н настайд нь оношлуулж Аутизмын хүрээний эмгэгтэй гэдгийг нь мэдсэн. 

 

Охин маань 3н настайдаа огт ярьж чадахгүй хэвээрээ, нүүр нүд рүү харахыг хүсдэггүй, олон төрлийн мэдрэхүйн асуудлуудтай (түүхий төмс, будаа гоймон зэргийг идэх гээд байдаг, өвдөлт мэдэрдэггүй: тариа тариулаад эсвэл бүдэрч унаад цусаа гартал арьс нь шалбарсан байхад ч тоож уйлдаггүй), гараа савчих, нүднийхээ өмнө эргэлдүүлэх үйлдэл их хийдэг, их уйлдаг, уурлахаараа хойшоо савж унаж, толгойгоо мөргөх зэргээр өөрийгөө гэмтээх үйлдэл хийдэг байсан.

 

Оношоо тавиулсны дараагаар Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академийн зан үйл засалд хамрагдах хүртлээ олдсон боломжоороо хөдөлгөөн засал, Хэл засал зэрэгт хамруулсан. Ингэхэд ихэвчлэн 2 дахь 7 хоногоосоо дасаад их уйлж стрессдэг багасдаг байсан ч ямар нэг тийм гээд хэлчих зүйл сурч чадаагүй.

Ялгуун анх манайд оношлуулах үедээ үгээрээ ярьж сурах болон нийгмийн харилцааны чухал суурь чадварууд бүгд байхгүйгээс гадна ойр ойрхон шалтгаан тодорхойгүйгээр болон ялимгүй зүйлд бухимдан уйлагнаж, өөрийгөө болон бусдыг гэмтээх гэж оролддог байсан тул манай зан үйл засалчдад болон бусад хамт нэг өрөөнд зан үйл засалд хамрагдах хүүхдүүдэд амаргүй байх байсан.
Гэхдээ аав ээжийнх нь зүгээс хүүхдийнхээ төлөө ямар их хичээж байгаа болон шаардлагатай хэмжээнд өөрсдөө хүүхэдтэйгээ ажиллахад

ЯЛГУУН 4 НАСТАЙДАА АУТИЗМ БА БУСАД ОНЦГОЙ ХҮҮХДҮҮДИЙН АКАДЕМИЙН ТУСГАЙ ПРОГРАМ БОЛОХ"ААВ ЭЭЖЭЭР НЬ ДАМЖУУЛАН ХИЙХ АВА ТЕРАПИД ХАМРАГДАЖ ЭХЛЭВ.

бэлэн байгаа байдлыг хараад "Аав ээжээр нь дамжуулж хийх АВА терапи"-н шинэ хөтөлбөртөө хамруулахаар шийдсэн. 

 

Ялгууны ээж, аав ч манай зааврыг ягштал биелүүлж, тууштай бөгөөд тогтмол хүүхэдтэйгээ ажилласан гайхалтай үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг байсан ба энэ нь ч үр дүнгээ өгч, одоо манай тэнхимийн Зан үйл засалд шилжин хамрагдаж байгаа бөгөөд хурдацтай сайжирч байна :)

ЭХЭН ҮЕИЙН ЗАН АВИРЫН БЭРХШЭЭЛ: 

Ээж нь манай зааврын дагуу Ялгуунд ном уншиж өгөхөд Ялгууны номыг огт сонирхохгүй, уйлагнаж, хүсэлт биелүүлэхгүй байгаа байдал.

ӨВӨРМӨЦ ДАВТАЛТАТ ХӨДӨЛГӨӨН

Эхэн үед Ялгуун мөн өвөрмөц давталтат гарын хөдөлгөөнүүдийг ойр ойрхон хийдэг байсан.

АНХНЫ АВИА ГАРГАЛТ: 

Манай зааврыг ягштал биелүүлж, тууштай зүтгэсэн ээж аавын хөдөлмөр үр шимээ өгч, олон удаагийн тэвчээр шалгасан оролдлогын дүнд анхны авиа дуурайлт гарч ирж байна

ЯЛГУУН ЦААШИД ОЛОН ТАЛААРАА ЭРЧИМТЭЙ САЙЖИРЧ БАЙГАА БӨГӨӨД МАНАЙ ЗАН ҮЙЛ ЗАСАЛД 12 САРЫН ХУГАЦААНД ХАМРАГДСАНЫ ДАРААХ ЭЭЖИЙН ДҮГНЭЛТ:
  • Охин маань одоо 2-3 үгээр өөрийгөө илэрхийлдэг болсон. Үгээрээ ярих чадвар нь аягүй хурдан сайжирч байна. Хүний яриа их ойлгодог болсон. Жишээ нь заасан юм ойлгоод аваад ирдэг болсон. Өмнө нь бол заасан хуруу руу ойлгохгүй гайхаад хараад байдаг байсан. Саяхан нөгөө өрөөний орон дээр тийм юм байгаа гэхэд аваад ирж байна лээ. Бас хөргөгчөөс есийн тос аваад ир гэж хэлж үзтэл хөргөгч онгойлгоод аваад ирж байна лээ!

  • Одоо нэрээр нь дуудахад шууд харна, хүний нүүр нүд рүү харах нь ч хамаагүй сайжирсан. Бас давтагдсан үйлдлүүд нь бараг байхгүй болсон.

  • Зан авирын хувьд харьцангуй тайван болж эхэлсэн.

  • Гадны хүн гаднаас нь хараад бараг л онцлогтой хүүхэд гэж мэдэхээ больсон.

  • Сая энэ жилийн цэцэрлэгийнхээ шинэ жилээр хэдийгээр ангийнхаа хүүхдүүдээс эвсэл багатай ч хүүхдүүд дунд ороод бүжиглээд бид хэд концертоо дуусгаад гарч ирсэн! :) Гэтэл өнгөрсөн жилийн цэцэрлэгийн шинэ жилээр бүлгийн арга хэмжээний үеэр Ялгуун зогсолтгүй стрессдэн уйлж сандаргаад, тэгээд "багшаа бид хэд гялс бэлгээ авчихъя гээд бэлгээ аваад" хамаг хөлстэйгөө хутгалдаад гарч ирж байсан.

ЯЛГУУНЫ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН ТЭМДЭГЛЭЛ:

Бид Ялгууны цэцэрлэгийн багштай нь биеэр уулзаагүй ч хүүхдийн төлөө маш их сэтгэлтэй, мундаг багш гэж дүгнэж Ялгууныхаа өмнөөс талархаж байгаа! <3

IMG_0042.JPG
1 ЖИЛИЙН ДАРАА

1 жилийн дотор Ялгуун олон зүйлийг нэрлэж сураад 2-3 үгээр үйл явдал нэрлэж чаддаг болсон байдал. Мөн уйлагнаж зөрүүдлэхгүйгээр асуултанд сайн хариулж байна.

МЭДЭЭЛЭЛ#1

Энэ үр дүн зөвхөн Аутизмын академийн зан үйл засал, Миний Хоолой ярианы аппликейшн болон гэр бүлийн уйгагүй гэртээ манай зааврын дагуу ажилласны үр дүн юм - Ялгуунд ямар нэг хоолны дэглэм баримтлаагүй, янз бүрийн ид шидийн зүйл амласан витамин, эмчилгээ хийлгээгүй, өөр нэмэлт сургалтад хамрагдаагүй.

САНАМЖ #1: ЗАН АВИРЫН АСУУДАЛ ИХЭВЧЛЭН АРИЛАХААСАА
ӨМНӨ ИЛҮҮ ДОРДДОГ

Ялгуун Зан үйл засалд хамрагдаж эхэлсний дараа нэг хэсэг толгойгоо

мөргөж өөрийгөө гэмтээх, уйлж стрессдэх нь илүү нэмэгдсэн. Гэхдээ ээж аавынх нь зүгээс бидэнд итгэж зааврын дагуу зан үйл заслаа үргэлжлүүлсний дүнд тухайн асуудлууд эрс багасаж бараг арилсан билээ. Хэрэв тухайн үед бууж өгөөд зан үйл заслыг зогсоосон бол одоогийнх шиг хэмжээний үр дүн гараагүй байх байсан. Учир нь аутизмтай хүүхдэд гарах үр дүн цаг алдах тусам эрс багасдаг бөгөөд 5 наснаас хойш эхэлсэн интервенцийн үр дүн хэд дахин удаан бөгөөд бага болдог.

 

Харамсалтай нь хүүхдээ стрессдээд байна гээд зан үйл заслыг дөнгөж эхлүүлээд "энийг үеийг давчихвал цаашаа гайгүй болно оо" гэхэд итгэхгүй хүүхдээ гаргадаг тохиолдлууд бий.

 

Мөн ямар ч арга хэмжээ аваагүй байхад аутизмтай хүүхдийн зан авир дордох, өмнө нь хийдэггүй байсан зан авирууд гаргах тохиолдлууд цөөнгүй тул зан авир шинэ асуудал бүрийг Зан үйл засалтай холбож ойлгож болохгүй

САНАМЖ #2: ХҮҮХЭД БҮРИЙН ОНЦЛОГ ӨӨР

Үг болон авиа огт хэлж чаддаггүйгээс гадна хүнд хэлбэрийн зан авирын бэрхшээлтэй хүүхдүүд Ялгуун шиг 12 сарын дотор 2-3 үгээр өөрийгөө илэрхийлж сурах нь аль ч улсад гайхалтай үр дүнд тооцогдох ховор тохиолдол гэдгийг анхаарна уу. Зарим хүүхэд илүү удаан хугацаанд ийм хэмжээнд ярьж сурдаг байхад зарим нь (30%) огт ярьж сурахгүй ч тохиолдол бий.

 

Ялгууны хувьд

1) Ээж болон аавын аль аль нь манай зааврыг яс дагаж хүүхэдтэйгээ тогтмол ажиллаж байсан,

2) Сэтгэлтэй, чадварлаг цэцэрлэгийн багштай нь эерэг харилцаатай, багаар ажиллаж байсан,

3) 5 нас хүрэхээс өмнө мэргэжлийн Зан үйл засалд хамрагдсан,

4) Миний хоолой ярианы аппликейшнийг эхэн үед ашигласан (үг хэлэх чадвар хурдан гарч ирсэн тул ашиглахаа байсан бөгөөд энэ үеийн бичлэг хийгдэж амжаагүй) зэрэг хүчин зүйлүүд энэ амжилтад чухал нөлөө үзүүлсэн.

САНАМЖ #3: ГЭР БҮЛИЙН ОРОЛЦОО БА ХҮҮХДИЙН ҮР ДҮНГИЙН ХООРОНДЫН ХАМААРАЛ

"Гэр бүлийн оролцоо чухал нөлөөтэй" гэхээр зарим гэр бүлүүд буруу өнцгөөс нь хүлээн авч бие биенийгээ буруутгах хандлага ажиглагдаж байгаа нь харамсалтай. Бид зарим аутизмтай хүүхэд (ойролцоогоор 30%) олон жилийн турш эрчимтэй Зан үйл засал болон бусад нотолгоонд суурилсан терапид хамрагдаж, гэр бүл нь хэчнээн хичээгээд ч үгээрээ ярьж сурдаггүй гэдгийг санах хэрэгтэй!

 

Мөн бидний ажиглалтаар дараах тохиолдлуудад хүүхдийн үр дүн хамгийн өндөр бөгөөд хурдан гарч байна:

 

1) Ээж, аав хоёрын аль аль нь хүүхэдтэйгээ ажиллах

2) Хааяа нэг олон цаг ажиллахаас илүү богино хугацаанд боловч тогтмол өдөр алгасахгүй ажиллах (Ялгууны ээж, аав 2 хоёулаа бүтэн цагийн ажил хийдэг бөгөөд ажлаа тарж орой гэртээ орж ирээд хэчнээн ядарсан боловч 1 ч өдөр алгасахгүй манай заавраар хүүхэдтэйгээ ажилладаг байсан бөгөөд одоо ч идэвхтэй хэвээр).

3) Өөрсдийн бодсоноороо ажиллахаас илүү манай зааврыг яс хэрэгжүүлэх

4) Хэн нэгэн хөлсний хүнээс (гэрийн багш, хүүхэд асрагч гм) илүү хайртай дотны хүмүүс нь ажиллах.

bottom of page