Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.

СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ
Шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ зүйлийг суралцах сонирхолтой болсон Эрхэмээ маань урт замыг туулсан билээ.
Ээж, аавынхаа эрдэнэ болж төрсөн Эрхэмээ бага байхдаа дуу чимээнд хэт мэдрэг бөгөөд болон орчны ялимгүй өөрчлөлтөд стрессдэж удаан хугацаанд уйлдаг, тайвшруулж сатааруулахад амаргүй хүү байв.

Миний хүү ганц ч үг хэлдэггүй, хэлэхийг ч оролддоггүй, нэрээр нь дуудахаар сонсоогүй мэт л цаашаа хараад суугаад байдаг байсан. Бас юм дуурайдаггүй, үеийн бусад хүүхдүүдтэй тоглодоггүй зэрэг зүйлс аль эртнээс ажиглагдаж байсан.
Хүүгээ анх 3 настайд нь оношлуулсны дараа тохирсон сургалтад хамруулах гэж нэлээд хайсан боловч огт ярьдаггүй хүүхэд хэл засалд авахгүйгээс гадна Аутизмтай хүүхдэд зориулсан сургалт олдоогүй. Хэсэг хугацааны дараа бид нэг сургалт арай гэж олсон боловч яваад удалгүй хүүгээ гаргасан (бидэнд таалагдаагүй).
Тэгээд би гэрээрээ хүүдээ юм заах гэж хэсэг оролдсон боловч хүү маань их хөдөлгөөнтэй, анхаарал нь хором ч тогтдоггүй, маш зөрүүдээс гадна сонирхолгүй болоод ч тэр үү нэг юмыг маш олон давтаад ч сурахгүй, ер нь хүү бид хоёрын аль алиных нь тэвчээрийг их шалгасан үе байсан даа.

ЭРХЭМЭЭГИЙН ЭЭЖИЙН ДУРСАМЖ:

ЭРХЭМЭЭ АУТИЗМ БА БУСАД ОНЦГОЙ ХҮҮХДҮҮДИЙН АКАДЕМИД АВА ТЕРАПИД ХАМРАГДАЖ ЭХЛЭВ.
Эрхэмээ 4 настайдаа Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академийн хамгийн анхны авсан хүүхдүүдийн нэг байсан бөгөөд 7 хоногт 3 удаа зан үйл засал хийлгэж эхэлсэн. Эрхэмээ утгатай үг ба авиа огт гаргадаггүй зэрэг хэл яриа, харилцааны чухал суурь чадварууд байхгүй байснаас гадна ялимгүй зүйлд бухимдаж уйлах нь их байсан.
Тухайн үед Эрхэмээгийн ялимгүй зүйлд хэт хүчтэй удаан хугацаанд стрессдэх байдал нь интервенцийн цагаас авах зэргээр үр дүнд ихээхэн сөргөөр нөлөөлж байсан.
Харамсалтай нь тухайн үед иймд асуудалд чухал ач холбогдолтой байдаг FDA зөвшөөрөлтэй Аутизмын зан авирын бэрхшээлд хэрэглэдэг эмүүд МУ-д орж ирээгүй байсан тул зан үйл заслыг дангаар хэрэглэхээс өөр аргагүй байсан.
Эрхэмээгийн анх АВА терапи эхлэх үеийн бичлэг
Үг хэлэх чадвар ч маш амаргүй байсан. Өмнө нь хэлсэн үгээ дахиж хэлж чадахаа болих, хулхидаж өөр үг хэлэх, үг хэлүүлэх оролдлогуудад стрессдэж уйлах гэх мэт.

НОТОЛГООНД СУУРИЛСАН МЭДЭЭЛЭЛ#1
Аутизмтай хүүхдийн үгээрээ ярьж сурах боломж магадлалын олон улсын тоо баримт

Helen Tager-Flusberg 1 and Connie Kasari 2 1Boston University 2 University of California, Los Angeles
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн 30% орчим нь олон жилийн турш, төрөл бүрийн нотолгоонд суурилсан терапи, сургалтанд хамрагдсан боловч үгээрээ ярих чадваргүй хэвээрээ насанд хүрч байна.
Гэхдээ технологи, сургалтын арга барил улам бүр хөгжиж байгаа өнөө үед үгээрээ ярьж чадахгүй боловч Зан үйл засал, Ярианы аппликейшн, Тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар ерөнхий боловсролын сургуульд амжилттай сурах, ирээдүйд мэргэжил боловсрол эзэмших, найз нөхөдтэй болох, гэр бүл зохиох, бие даан амьдрах зэргийг сургах боломжууд бүрдэж олон олон амжилтын түүхүүд бүтээгдэж байна.
НОТОЛГООНД СУУРИЛСАН МЭДЭЭЛЭЛ#2
Аутизмтай хүүхдийн ярьж сурах магадлал наснаас хэрхэн хамаардаг тухай олон улсын тоо баримт

5 нас хүртлээ үгээрээ тодорхой хэмжээнд ярьж эхлээгүй хүүхдийн цаашид ярьж сурах магадлал маш бага ( 5-аас нас хүртлээ үгээрээ ярьж эхлээгүй хүүхэд цаашид ярьж эхлэх тохиолдол 53 жилийн хугацаанд 167 буюу жилд 3 тохиолдол л бүртгэгдсэн) тул Аутизм болон бусад хөгжлийн онцлогийг цаг алдалгүй эрт оношлох, Зан зүй л засал зэрэг нотолгоонд суурилсан терапид цаг алдалгүй, тууштай хамруулах чухал.
АКАДЕМИЙН АВА ТЕРАПИД ХАМРАГДААД 7 САРЫН ДАРААХ ЭРХЭМЭЭГИЙН ЭЭЖИЙН ДҮГНЭЛТ:
-
Хүү маань огт юм дуурайдаггүй байсан бол одоо биеийн хөдөлгөөнөөр үзүүлсэн, харуулж заасан юм дуурайж хийдэг болсон.
-
Нэрээр нь дуудахаар хардаггүй байсан бол одоо харна, хүрч ирдэг болсон.
-
Үг хэлдэггүй, авиа дуурайдаггүй байсан бол одоо толгой дохиж эсвэл сэгсэрч асуултад хариулахаас гадна "за", "тийм", "мөн", "ээжээ" зэрэг үгнүүд зөв, буруу хэлдэг болоод байгаа бөгөөд авиа дуурайх гэж, харилцах гэж хүү өөрөө оролдож байгаа нь миний хувьд хамгийн том амжилт шиг санагддаг. Мөн өөрөө ярих гэж оролддог болсноосоо хойш нэг заавартай, энгийн өгүүлбэрүүд маш сайн ойлгодог болсон Өөрөө халбагаар хоолоо идэж байгаа, хог хаяж байгаа зэрэг олон, олон өөрчлөлтүүд өдөр бүр ажиглагдаж байна :)

2020 оны 11 сард Монгол улсад Ковид 19 цар тахлын хөл хорионд орсонтой холбоотой бид тодорхойгүй хугацаагаар ганцаарчилсан АВА терапигаа зогсоох шаардлагатай болсон :(
Эрхэмээ манай зан үйл засалд хамрагдаад 11 сарын дараа гэхэд Эрхэмээ за, үгүй, ааваа зэрэг зарим үг хэлж эхэлж байсан маш чухал үед МУ Ковид 19 цар тахлын хөл хорионд орж бид тодорхойгүй хугацаагаар сургалтаа зогсоох шаардлагатай болсон.
Ингээд 1 жил гаруй хугацааны хөл хорионы дараа буюу Эрхэмээг 7 нас хүрсэн үед тэнхимийн зан үйл заслыг дахин эхлүүлэхэд Эрхэмээ үг хэлэх чадвар ухарч 1л үг арай гэж хэлдэг болсон байснаас гадна уурлаж бухимдах үедээ бусдыг цохих, эрүүгээрээ дарж өвтгөх үйлдэл хийдэг болсон.
Гэхдээ 1) Академийн хөгжүүлсэн Миний Хоолой Ярианы аппликейшнийг зан үйл засалтай хавсруулж хэрэглэж эхэлсэн, 2) Аутизмтай хүүхдийн зан авирын бэрхшээлд хэрэглэгдэг FDA зөвшөөрөлтэй эмийн эмчилгээг хавсран хэрэглэж эхэлсэн, 3) Зан үйл заслын цагийг 7 хоногт 3 биш 5 удаа хамрагддаг болгосон, 4) Гэр бүлийн зүгээс манай заавар зөвлөгөөний дагуу гэртээ давхар Эрхэмээтэй ажиллах нь сайжирсан зэрэг чухал хүчин зүйлүүдийн нөлөөний дүнд Эрхэмээ маань олон талаар хөгжиж, аль ч өндөр хөгжилтэй улсад гайхалтай сайнд тооцогдох үр дүн өгч байна:

Эрхэмээ Миний Хоолой Ярианы аппликейн хэрэглэж эхлээд дахин үг хэлэх чадвар дахин гарч ирсэн
Гэр бүлийн зөвшөөрөлтэйгээр оруулав
Хэдийгээр 5 наснаас хойш тэр дундаа 7 нас хүрсэн боловч үг хэлэх чадвар байхгүй эсвэл маш багатай хүүхдүүд цаашид үгээрээ ярьж сурах магадлал маш бага байдаг хэдий ч Миний Хоолой ярианы аппликейшнийг хавсруулан хэрэглэж эхэлсний дараагаар Эрхэмээгийн үг хэлэх чадвар дахин хөгжиж эхэлсэн.
Түүнчлэн Эрхэмээ эхэндээ бусдын хэлсэн үгнээс илүү Ярианы аппликейшнийхээ дуудсан үгийг дуурайж хэлэх дуртай байсан. Гэхдээ яваандаа бусдын хэлсэн үгийг ч зөрүүдлэхгүйгээр өөрийн чадах хэмжээнд дуурайдаг болсон.
МИНИЙ ХООЛОЙ ЯРИАНЫ АППЛИКЕЙШН ХЭРЭГЛЭЭД 2 САР ГАРУЙ ХУГАЦААНЫ ДАРААХ ЭРХЭМЭЭГИЙН ЭЭЖИЙН ДУРСАМЖ:
Манай хүү Ярианы аппликейшнээ их ашиглаж байгаа. Гэртээ ирээд Ярианы аппликейшнээ нээгээд товчлууруудыг сонирхож дараад ямар үг гарч байгааг нь сонсоод өөрөө дуурайж хэлээд байгаа. Өчигдөр орой над дээр ирээд ярианы аппликейшнээсээ шарсан тахиа товч дээр дарж үзүүлээд дараа нь үгээрээ Тахиа гэж хэлсэнд бөөн баяр болоод шарсан тахиа авч өгсөн! :)
НОТОЛГООНД СУУРИЛСАН МЭДЭЭЛЭЛ#3
Үгээрээ сайн ярьж чаддаггүй хүүхдүүдийн амжилттай уншиж сурах магадлал олон улсын тоо баримт

Хэдийгээр Уншиж бичиж сурах нь оюун ухааныг хөгжүүлж, сурах боломж олгож, насанд хүрсэн үедээ ажил эрхлэх, гэр бүл зохиох, найз нөхөдтэй болох зэрэг хувийн харилцаа, чөлөөт цагаа сонирхолтой байдлаар өнгөрүүлэх зэрэг амьдралын бүх л зүйлд асар чухал үүрэг гүйцэтгэдэг боловч АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч үгээрээ ярих чадв ар маш багатай хүүхдүүдийн 90% нь олон жил сургуульд сурсан боловч уншиж бичиж сурахгүй насанд хүрч байна гэсэн харамсалтай судалгаа байна (Foley, B.E., & Wolter, 2010).

АВА терапи болон Миний Хоолой ярианы аппликейшний хослуулан Эрхэмээгийн үг хэлэх чадвар дахин сайжирсан бөгөөд энэ бичлэгт хэрхэн уншиж, зарим зүйлийг нэрлэж байгааг харж байна.
Эрхэмээ одоогоор ерөнхий боловсролын сургуулийн (тэгш хамруулах сургалттай) 2-р ангид сурч байгаа бөгөөд 1-р ангиа төгсөхдөө цагаан толгойн 35 үгсээ цээжлээд, богино хялбар үгийг цээжээр бичиж сурах, өөрийн үг авиаг дуудах чадах хэмжээндээ уншиж, зэргээр академик чадвар, Ярианы аппликейшн болон өөрийн үгээрээ өөрийгөө илэрхийлэх чадвараа өөрийн боломжит хэмжээнд хөгжүүлж байна.
Эрхэмээд маань цаашид сурч хөгжих олон зүйл бий, гэхдээ бид Эрхэмээгээ болон бусад хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн гэрэлт ирээдүйн төлөө программаа тасралтгүй хөгжүүлж, үр дүнтэй нотолгоонд суурилсан арга арга аргачлалуудыг нэвтрүүлж, улам олон хүүхдэд хүрэхийн тулд өөрсдийн зүгээс боломжит бүх зүйлийг хийх болно.
