Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.
СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ
АУТИЗМЫН ХYРЭЭНИЙ ЭМГЭГТЭЙ АНДУУРАГДАЖ БОЛОХ ЗАРИМ ХӨГЖЛИЙН ЭМГЭГҮҮД
Хэл ярианы хоцрогдол, өвөрмөц хөдөлгөөнтэй хүүхэд бүр аутизмтай гэсэн үг биш юм. Хөгжлийн бэрхшээл нь асар өргөн ойлголт буюу дотроо 13 төрөл бүлэгт хуваагдаж болдог бөгөөд Аутизмын хүрээний эмгэг нь зөвхөн нэг төрөл нь юм. Түүнчлэн хоорондоо ижил төстэй шинжээр илэрдэг олон эмгэг байдаг тул хүүхдийнхээ хөгжлийн ямар учраас хоцрогдож буй шалтгааныг ялган оношлуулж, үүндээ тулгуурлан хүүхдэдээ тохирсон эмчилгээ, интервенцийг тодорхойлуулахын тулд Та хөгжлийн эмгэгийн чиглэлийн мэргэжлийн байгууллагад хандах нь чухал.
Мөн аутизмын хүрээний эмгэгийн шинж тэмдгүүд (ж: хэл ярианы хоцрогдол, өвөрмөц давталтат хөдөлгөөн, хөдөлгөөний идэвхи, анхаарал төвлөрлийн бэрхшээл) ямар нэг хөгжлийн бэрхшээлгүй ердийн хөгжилтэй хүүхдэд болон бусад хэд хэдн төрлийн хөгжлийн бэрхшээлийн үед ч илэрч болдог тул Аутизмын хүрээний эмгэгийг илрүүлэх асуултаар магадлал өндөр гарсан хэдий ч аутизмаас өөр хөгжлийн бэрхшээлтэй ч байх боломжтой юм.
Аутизмын хүрээний эмгэгийг илрүүлэх зорилготой олон нийтэд чиглэсэн мэдээлэлд нийтлэгддэг асуумжууд нь (хүүхэд чинь хүний нүд рүү харахгүй байна уу зэрэг) аль болох олон аутизмтай хүүхдүүдийг эрт оношилж эрт интервенцэд хамруулах зорилготой байдаг (эмчилгээний үр дүнг сайн байлгахын тулд) тул эдгээр скрининг асуумжуудаар аутизмтай байх эрсдэлтэй гарсан хүүхдүүдийн зарим хэсэг нь л аутизмтай нь батлагдаж, бусад нь эрүүл эсвэл өөр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн онош тавиулдаг. Зарим аутизмын хүрээний эмгэгтэй андуурагддаг хөгжлийн бэрхшээлүүдээс дурдвал:
Тусгай хэл ярианы бэрхшээл:
Ямар нэг тодорхой шалтгаангүйгээр хэл ярианы хоцрогдолтой хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн мэргэжилтэн бусад хөгжлийн бэрхшээлүүдтэй (аутизмын хүрээний эмгэг, сонсголын бэрхшээл, оюун ухааны бэрхшээл г.м) ялган оношилгоо хийж үгүйсгэсний дараа Тусгай хэл ярианы бэрхшээл онош тавигддаг.
Оюуны бэрхшээл:
Оюуны бэрхшээлийн үед хожуу ярих, тоглох чадвар ба бусадтай харилцах чадвар муу байх зэрэг шинжүүд илэрдэг тул аутизмын хүрээний эмгэгтэй андуурагдах магадлалтай. Түүнчлэн оюуны бэрхшээлтэй хүүхэд аутизмын хүрээний эмгэгийн гол шинжүүдийн нэг болох өвөрмөц давталтат хөдөлгөөнүүдийг ч хийж болно.
Мөн аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд хэлсэн үгийг ойлгохдоо муу эсвэл бусдын хэлсэн үг, хийсэн хөдөлгөөнд анхаарлаа хандуулаагүйн улмаас юм сурахдаа удаан эсвэл оюуны бэрхшээлтэй гэж андуурагдаж болзошгүй. Түүнчлэн аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдэд оюуны бэрхшээл хавсран тохиолдож болдог.
Глобал хөгжлийн бэрхшээл:
Булчин, хөдөлгөөний хөгжил ба танин мэдэхүйн хөгжлийн нэлээд хоцрогдолтой хүүхдэд энэ онош тавигддаг бөгөөд хэл яриа, танин мэдэхүй, ба нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөлийн хөгжлүүдээс нэг ба түүнээс дээш төрлийн хоцрогдолтой байдаг. Энэ хөгжлийн бэрхшээлийн үед хожуу хэлд орох, тоглох чадвар муу байх, өвөрмөц давталтат хөдөлгөөн хийх зэрэг шинжүүд илэрч болох тул аутизмын хүрээний эмгэгтэй андуурагдаж болно.
Хромсомын зарим хам шинжүүд:
Янз бүрийн хөгжлийн бэрхшээл үүсгэдэг хромосомын хам шинжүүдтэй (эмгэг) хүмүүс бидний төсөөлснөөс хавьгүй их байдаг бөгөөд зарим нь аутизмын хүрээний эмгэгийн зарим шинж тэмдэгтэй төстэй байдлаар илэрдэг эсвэл аутизмын хүрээний эмгэгтэй хавсран тохиолддог. Жишээлбэл: эмзэг икс хромосомын хам шинжтэй (4000 эрэгтэй тутмын 1-д тохиолддог) эрэгтэйчүүдийн 50% нь аутизмын хүрээний эмгэгтэй хавсран тохиолддог бөгөөд аутизмтай хавсраагүй боловч хүний нүр рүү харахаас зайлсхийх болон нийгмийн харилцааны бэрхшээл зэрэг аутизмын хүрээний эмгэгийн зарим шинжүүдтэй байж болдог.
Өвөрмөц давталтат хөдөлгөөний эмгэг:
Бага насны хүүхэд өвөрмөц давталттай хөдөлгөөнүүдийг хийх нь ховор биш байдаг. Гэхдээ энэ нь өдөр тутмын хэвийн амьдралд нь саад болдог бөгөөд ямар нэг эмийн хэрэглээ эсвэл бусад эрүүл мэндийн шалтгаангүйгээр илрээд байвал Өвөрмөц давталтат хөдөлгөөний эмгэг гэсэн онош тавигдаж болдог. Гэхдээ энэхүү оношийг тавихын тулд хөгжлийн бэрхшээлийн мэргэжлийн байгууллагад хандаж, бусад хөгжлийн эмгэгээс ялган оношилгоо хийлгэсний дүнд тавигддаг болохыг анхаарах хэрэгтэй.
Анхаарал төвлөрөл хэт хөдөлгөөнтөх эмгэг:
Анхаарал төвлөрөл хэт хөдөлгөөнтэх эмгэг нь хүүхэд насанд элбэг тохиолддог хөгжлийн эмгэг юм. Ямар ч хүүхэд заримдаа анхаарлаа төвлөрүүлэхдээ бэрхшээлтэй эсвэл зан авирын асуудлууд гаргаж болдог. Гэхдээ анхаарал төвлөрөл хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдүүдэд эдгээр шинж нь байсаар байх, илүү хүчтэйгээр илэрч сургууль, гэртээ ба найз нөхөдтэйгээ харьцахдаа асуудлуудтай учирч болно.
Анхаарал төвлөрөл хэт хөдөлгөөнтэх эмгэгийн үед илэрч болох шинж тэмдгүүд: Хүүхэд анхаарлаа төвлөрөх бэрхшээл, түргэн зантай байх тухайлбал, гарч болох үр дүнг бодохгүйгээр цочмог үйлдэл хийх, эсвэл хөдөлгөөний хэт их идэвхтэй байх гэсэн үндсэн шинжүүдээс гадна дараах шинж тэмдгүүдтэй байж болно. Үүнд:
-
Мөрөөдөн гөлрөх
-
Ямар нэг зүйлийг амархан мартах, алга болгох
-
Тогтвортой сууж чадахгүй хавчганан байж ядах
-
Хэт их ярьдаг
-
Анхааралгүй алдаа их гаргадаг
-
Болгоомжгүй алдаа их хийдэг
-
Хүлээцгүй
-
Биеэ барих чадвар багатай
-
Бусадтай эе эвээ олохдоо бэрхшээлтэй
Анхаарал төвлөрөл хэт хөдөлгөөнтөх эмгэгийн шалтгаанууд: Энэхүү эмгэгийг үүсгэдэг тодорхой шалтгаан одоогоор тогтоогдоогүй. Гэхдээ судлаачид генетикийн шалтгаантай байх магадлал өндөр бөгөөд доорх хүчил зүйлүүд нөлөөлж байж болзошгүй гэж үзэж байна.
-
Тархины гэмтэл
-
Эхийн хэвлий дотор эсвэл бага насандаа хар тугалганд хордох
-
Ээж жирэмсэн байхдаа тамхи татах эсвэл спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх
-
Дутуу төрөх
-
Бага жинтэй төрөх
Анхаарал төвлөрөл хэт хөдөлгөөнтөх эмгэгийн эмчилгээ: Ихэнх тохиолдолд Анхаарал төвлөрөл хэт хөдөлгөөнтөх эмгэгийн эмчилгээнд Зан авирын эмчилгээ ба эмийн эмчилгээг хослуулан хэрэглэдэг. Түүнчлэн эмийн эмчилгээг бодож үзэхээс өмнө зан авирын эмчилгээ, ялангуяа эцэг эхийн сургалтыг туршиж үзэх нь тохиромжтой байдаг.