top of page
Learning the ABCs

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ЭМЧИЛГЭЭ

Одоогоор аутизмын хүрээний эмгэгийн гол шинжүүдийг арилгадаг ямар нэг батлагдсан эм эсвэл мэс ажилбар байхгүй. Гэхдээ зан үйл засал (АВА терапи) зэрэг нотолгоонд суурилсан интервенцүүдийг тууштай авч чадвал Аутизмын хүрээний эмгэгийн үед илрэх хэл ярианы хоцрогдол, зан авирын бэрхшээлүүд, нийгмийн харилцааны бэрхшээлүүд нь сайжирч, хөгжлийн хоцрогдлоо нөхөж Аутизм гэсэн оношоо гээх ч боломж бий. Мөн 3 наснаас өмнө эхэлсэн эрт интервенц нь хамгийн өндөр үр дүн өгдөг тул хэрэв таны хүүхэд хөгжлийн хоцрогдол эсвэл аутизмын шинжүүд илэрч байвал аль болох эрт мэргэжлийн стандарт үнэлгээ хийлгэж, АВА терапи зэрэг нотолгоонд суурилсан эмчилгээнүүдэд хамрагдах нь чухал.

 

Мөн заримдаа (бүх хүүхдэд биш) аутизмын хүрээний эмгэгийн анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг, зан авирын дундаас хүнд зэргийн бэрхшээлүүд (өөрийгөө болон бусдыг гэмтээх үйлдэл хийдэг) хавсарсан бөгөөд эдгээр асуудлууд нь нийгмийн дунд амжилтай сурч, ажиллах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байвал мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр тохирсон эмийн эмчилгээг хавсарган хэрэглэх нь үр дүнтэй байдаг.

Үр дүнг илүү өндөр байлгахын тулд зан үйл засал дээр нэмэлтээр доорх туслах аргуудыг хэрэглэж байна:

  1. Ахуй засал/Хөдөлгөөн засал: Хүүхдийн хувцсаа өмсөх, хооллох, усанд орох, бие засах зэрэг бие даан амьдрах чадварыг эзэмшүүлэхэд тусалдаг.

  2. Мэдрэхүйн нэгтгэн зохицуулах эмчилгээ (Sensory Integration Therapy): Ямар нэг мэдрэхүйд өвөрмөц хариу урвал өгдөг хүмүүст хараа, дуу авиа, үнэр зэрэг мэдрэхүйн мэдрэмжээ хянаж зохицуулахад тусалдаг

  3. Харилцааг нэмэгдүүлэх, орлуулах хэрэгслүүд (ААС): Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийг биеийн хэл, зураг, эсвэл технологийн дэвшлийг ашиглан өөрийн хэрэгцээ ба үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай харьцаж сурахад тусална.

​​

Баталгаа багатай маргаантай эмчилгээний аргууд

 

Доорх эмчилгээний аргууд нь үр дүнтэй эсэх нь эргэлзээтэй (ж: маш цөөхөн хүүхэд дээр л туршигдсан, зарим томоохон практик судалгаагаар үр дүнгүй гэж дүгнэгдсэн) аргачлалууд байдаг тул ихэнх эмч мэргэжилтнүүд эдгээр эмчилгээг хэрэглэхийг дэмждэггүй. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд эдгээр эмчилгээг туршиж үзэх нь их байдаг. Жишээлбэл АНУ-д аутизмтай гэж оношлогдсон хүүхэд аав ээжүүдийн 1/3 нь эдгээр маргаантай эмчилгээг хэрэглэж үзсэн байдаг бөгөөд тэдгээр нь үр дүн багатайгаас гадна тэдний 1/3 нь эрүүл мэндэд нэлээд хор хөнөөл, аюултай эмчилгээ хийлгэсэн байдаг гэсэн харамсалтай судалгаа бий.

Хоолны дэглэм:

Хоолны дэглэм эмчилгээнүүд нь ихэвчлэн хоол хүнсний харшил ба витамин эрдэс бодисын дутагдал нь Аутизмын хүрээний эмгэгийг үүсгэдэг гэсэн үзэлд суурилдаг. Зарим хоолны дэглэмүүдийг эмч нар боловсруулсан гэж сурталчилдаг ч ихэнх нь эмчилгээний үр дүнтэй гэж мэргэжлийн байгууллагаар хүлээн зөвшөөрөхөд хангалтгүй, баталгаа нотолгоогүй байдаг. Нотлогдоогүй эмчилгээ нь зарим хүүхдэд тус болж болох ч зарим хүүхдэд аюултай ч байж болох эрсдэлтэй! Иймээс та хүүхдийнхээ хоолны дэглэмийг өөрчлөхийг хүсэж байгаа бол эхлээд мэргэжлийн эмч ба хоол зүйчээс зөвлөгөө авч хүүхдэдээ чухал шаардлагатай витамин ба эрдэс бодисын дутагдал үүсгэх эрсдэлээс сэргийлээрэй.

 

Ууж хэрэглэдэг эм, бэлдмэлүүд:

Аутизмыг эмчилдэг эсвэл гол шинж тэмдгүүдийг нь арилгадаг ямар нэг эм, бэлдмэл гэж байхгүй. Харин зарим хавсарсан шинжүүдэд туслах л эмүүд бий (Жишээлбэл: хэт хөдөлгөөнтөх, анхаарал дутмагших, сэтгэл гутрах, эсвэл таталтад туслах эмүүд). Иймд ямар нэгэн баталгаагүй, гарч болох гаж нөлөө, аюулгүй байдал нь мэдэгдээгүй, мэргэжлийн биш хүний зөвлөсөн бэлдмэлүүдийг хүүхдэдээ өгөхөөс өмнө заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

bottom of page