Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.
СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ
ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академид хандаж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Манай академи нь хэл яриа, харилцааны хөгжлөөрөө үе тэнгийн хүүхдүүдээсээ хоцрогдолтой, аутизм болон бусад хөгжлийн бэрхшээлтэй (оюуны бэрхшээл, тусгай хэл ярианы бэрхшээл, сурлагын бэрхшээл г.м) хүүхдүүдийг орчин үеийн нотолгоонд суурилсан интервенц,тусгай сургалт, техник технологийн дэвшлийн тусламжтайгаар өөрийгөө илэрхийлэх (үгээрээ боломжгүй бол технологийн тусламжтай) зэргээр хөгжлийн хоцрогдлоо боломжит дээд хэмжээндээ нөхөж ирээдүй нь илүү гэр гэгээтэй байхад туслах зорилгоор ажилладаг байгууллага билээ.
Ихэнх хүмүүс хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголтыг тэргэнцэр эсвэл суга таягтай хүнээр төсөөлдөг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй л бол ирээдүй нь бүрхэг, насан туршдаа бусдын туслалцаа дэмжлэг шаарддаг, зовж зүдэрсэн хүмүүс мэтээр ташаа ойлгодог. Гэвч хөгжлийн бэрхшээл нь нүдэнд шууд харагдахгүй асуудлууд болох сурлагын бэрхшээл (дотроо уншихгүйдэл, бичихгүйдэл гм олон төрөлтэй), сэтгэл хөдлөл зан авирын бэрхшээл,
тусгай хэл ярианы бэрхшээл, аутизм, оюуны бэрхшээл, эрүүл мэндийн асуудлууд (багтраа, цусны эмгэг, бөөрний дутагдал зэрэг эмнэлэгт ойр ойрхон үзүүлэх шаардлагатай, амархан ядардаг зэрэг асуудлуудын улмаас сурлагадаа шаардлагатай хугацааг зарцуулж анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээл үүсгэдэг өвчнүүд) зэрэг олон асуудлыг хамруулсан өргөн хүрээний ойлголт байдаг.
Иймд ямар бэрхшээлүүдийг хамруулан үзсэнээс шалтгаалан, ойролцоогоор сургуулийн насны 10 хүүхэд тутмын 1 нь хүнд хөнгөний зэргээрээ ялгаатай, ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй байдаг.
Түүнчлэн, хөгжлийн бэрхшээл нь төрөлхийн болон олдмол (хэвийн төрсөн боловч ямар нэг өвчин эмгэг, осол гэмтлийн улмаас үүсэх), түр зуурын болон насан туршийн шинж чанартай байдгаас гадна нотолгоонд суурилсан интервенц, тусгай сургалт, технологийн дэвшлийн тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүмүүсээс дутахгүйгээр бусдын дунд амжилттай сурах, ажиллах, нийгэмдээ хувь нэмрээ оруулах, зарим тохиолдолд оношоо гээх ч боломж бий.
Ийм ч учраас Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академи маань анх 2019 онд мэргэжлийн АВА терапи, ААС терапи, Тусгай Хэрэгцээт Боловсрол, Аутизм ба бусад хөгжлийн бэрхшээлийн үнэлгээ зэргийг Монгол Улсдаа нэвтрүүлэхээр үүсгэн байгуулагдсан билээ. Бид байгуулагдсан цагаасаа хойш олон бахдам сайхан амжилт үзүүлж, үйл ажиллагаагаа улам тэлсээр байгаадаа баяртай байна.
Манай үйл ажиллагааг сонирхон вэбсайтаар маань зочилсонд баярлалаа. Бидэнтэй ижил зорилготой, бидний үйл ажиллагааг дэмжихийг хүссэн хувь хүн, албан байгууллагын хамтран ажиллах санал болон хандив тусламжийг талархан хүлээн авч үйл ажиллагаагаа улам дэлгэрүүлэн ажиллах болно.
Хүүхэд бүхэн сурч чадна.
Болдын Солонго M.D., M.A. (Columbia University), ECFMG Certified Physician
Үүсгэн байгуулагч & Гүйцэтгэх захирал
Хүний их эмч, Хөгжлийн эмгэгийн мэргэжилтэн