top of page
1.png

АУТИЗМЫН ХYРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ТАЛААР

Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн харилцаа, хэл яриа ба зан авирын бэрхшээлээр илэрдэг нэг төрлийн хөгжлийн бэрхшээл юм. Аутизмтай эсэхийг шууд хараад мэдхэд хэцүү байж болох ч бусадтай харилцах, хэл яриагаараа өөрийгөө илэрхийлэх, биеэ авч явах, сурах арга барил нь ихэнх хүмүүсээс ялгаатай байдаг.

Аутизм гэж юу вэ?

Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн харилцаа, хэл яриа ба зан авирын бэрхшээлээр илэрдэг нэг төрлийн хөгжлийн бэрхшээл юм. Аутизмтай хүмүүсийг гаднаас нь хараад мэдэхэд хэцүү байж болох ч тэдний бусадтай харилцах, хэл яриагаараа өөрийгөө илэрхийлэх, биеэ авч явах, ба сурах арга барил нь ихэнх хүмүүсээс ялгаатай байдаг. Аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүс хүнд хөнгөний зэрэг ба шинж тэмдгээрээ хоорондоо ялгаатай байдаг бөгөөд зарим хүмүүс өдөр тутмын амьдралдаа тусламж ихээр шаарддаг бол зарим нь маш бага туслалцаатай нийгмийн дунд амжилттай амьдарч чаддаг.

Аутизмын хүрээний эмгэгтэй байж болохыг илтгэх ерөнхий шинжүүд :

12 сар хүрсэн боловч нэрээр нь дуудахад хариу үйлдэл үзүүлэхгүй байх

14 сар хүрсэн боловч анхаарлыг нь татсан зүйлээ хуруугаараа зааж чадахгүй байх

18 сар хүрсэн боловч төсөөллийн тоглоом тоглохгүй байх (ж: хүүхэлдэй хооллох)

Бусдын нүд рүү харахаас зайлсхийж ганцаараа байхыг илүүд үзэх

Бусдын сэтгэл санааны байдлыг ойлгох болон өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ муу байх

Хэл ярианы хоцрогдолтой байх

Ямар нэг үг эсвэл авиаг давтан хэлэх дуртай байх

Асуултад хамааралгүй зүйл хариулах

Ялихгүй зүйлүүдэд бухимдах

Ямар нэг зүйлд хэт их дуртай байх

Гараа сэгсрэх, биеэ займчих, доороо эргэлдэх зэрэг өвөрмөц давталттай хөдөлгөөнүүд хийх.

Дуу авиа, үнэр, амт, харах, ба хүрэлцэхүйн мэдрэмжид өвөрмөц хариу үзүүлэх

Нийгмийн харилцааны чадварын шинжүүд :

Ердийн хөгжилтэй бага насны хүүхдүүд эргэн тойрны эд юмс ба хүмүүсийг маш их сонирхдог ба нэг нас хүрсэн хүүхэд бусад хүмүүсийн нүд рүү харан харилцаж, бусдын хэлсэн үг, хийсэн үйлдлийг дуурайсан оролдлогууд хийж эхэлдэг бол аутизмтай хүүхэд бусадтай харилцахдаа бэрхшээлтэй байдаг бөгөөд зарим нь огт хүнтэй харилцах дургүй ч байх нь бий.

Түүнчлэн аутизмтай хүүхдүүд бусадтай хэрхэн нөхөрлөх, харилцахаа мэдэхгүй байх, ээлжлэх, хуваалцах дургүй, бусдын сэтгэл санааг ойлгох болон өөрийгөө илэрхийлэх чадвар муу, хүрэлцэх мэдрэмжид хэт мэдрэгээс бусдыг биедээ хүргэх дургүй байх, өвөрмөц сэтгэл хөдлөлүүд болон өвөрмөц давталттай хөдөлгөөнүүд хийх зэрэг онцлогтой байж болох бөгөөд (гэхдээ бүх шинжүүд нэг хүүхдэд байх албагүй) эдгээр нь бусадтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлдөг.

Хэл яриа харилцааны шинжүүд :

Зарим Аутизмын хүрээний эмгэгтэй хүн чөлөөтэй сайн ярьж сурдаг бол зарим нь олон жилийн уйгагүй хэл засал ба бусад нотолгоонд суурилсан эмчилгээ хийлгэсэн ч амаараа огт ярьж чаддаггүй. Гэвч ярьж чаддаг аутизмтай хүмүүс бүтэн өгүүлбэрээр биш зөвхөн нэг үг эсвэл маш цөөн үгээр ярих, бусдын хэлсэн үгийг тэр дор нь эсвэл нэлээд хугацааны дараа давтан хэлэх (ж: ус уух уу? гэж асуухад хариулахын оронд асуусан асуултыг давтан хэлэх), биеийн хэл ойлгохгүй байх, хэлж байгаа зүйлтэйгээ уялдаагүй нүүр царайны хувирал гаргах (ж: гунигтай зүйлийн тухай ярьж байхдаа инээх), төлөөний үгийг сольж ярих (ж: миний гэж хэлэх зүйл дээр чиний гэж ярих) зэрэг өвөрмөц содон байдлаар ярих нь элбэг байдаг.

Өвөрмөц сонирхол ба зан авирын шинжүүд :

Аутизмын хүрээний эмгэгтэй олон хүн өвөрмөц сонирхол ба зан авиртай байдаг. Жишээлбэл:

  1. Тоглоом ба бусад эд зүйлийг эгнүүлж өрөх дуртай байх

  2. Тоглоомыг зөвхөн нэг янзаар тоглох

  3. Ямар нэг зүйлийн зөвхөн нэг хэсгийг сонирхох

  4. Ямар нэг үйлдлийг олон давтаж хийх (ж: гэрлийг олон дахин асааж унтраах, биеэ урагшаа хойшоо займчих, гараа сэгсрэх)

  5. Нэг зүйлд хэт ихээр дурлах

  6. Өдөр тутмын амьдралын тогтсон хуваарь өөрчлөгдөхөд ихэд хямрах

Бусад шинж тэмдгүүд :

Аутизмын хүрээний эмгэгтэй зарим хүмүүст дараах нэмэлт шинжүүдтэй байдаг. Жишээлбэл:

  1. Хөдөлгөөний идэвх ихтэй байх

  2. Анхаарлын дутмагшилтай байх

  3. Өөрийгөө гэмтээх хандлагатай

  4. Айхаар зүйлээс айхгүй эсвэл хэт их айх

  5. Хооллолтын бэрхшээл (ж: маш цөөхөн төрлийн хүнс хэрэглэх дуртай эсвэл идэх зориулалтгүй чулуу зэрэг зүйлийг идэх дуртай байх)

  6. Өвөрмөц сэтгэл хөдлөлийн хариу урвал (ж: нөхцөл байдалдаа тохироогүйгээр инээх эсвэл уйлах эсвэл сэтгэл хөдлөхөөр зүйл ямар нэг сэтгэл хөдлөл үзүүлэхгүй байх гм)

Чухал санамж !

Эдгээр шинжүүдийн зарим нь ердийн хөгжилтэй хүүхдэд эсвэл бусад хөгжлийн бэрхшээлийн үед ч бас илэрч болох тул Аутизмын хүрээний эмгэгтэй эсэх эсвэл өөр хөгжлийн бэрхшээл байгаа эсэхийг зөвхөн туршлагатай мэргэшсэн хүн, мэргэжлийн байгууллага л зөв тогтоож чадна. Түүнчлэн аутизмтай эсвэл аутизмын хүрээний эмгэггүй аль ч тохиолдолд таны хүүхэд ямар нэг байдлаар үеийн хүүхдүүдээсээ хоцрогдож байвал (ялангуяа хэл ярианы чадвар) өөрөө аяндаа сайжрахыг нь горьдон хүлээлгүйгээр зөв оношлуулах, тохирсон бөгөөд нотолгоонд суурилсан (баталгаа нотолгоогүй, мэргэжлийн бус хүний зөвлөснөөр биш!) арга хэмжээг аль болох эрт авах (3 наснаас өмнө), хүүхэдтэйгээ идэвхтэй ажиллах нь хүүхдийн тань сургууль цэцэрлэгт амжилттай сурч, ирээдүйд амжилттай амьдрах боломжид чухал үүрэгтэй!

Яагаад аутизмын хүрээний эмгэг үүсдэг вэ ?

2023 оны тоо баримтаар АНУ-д төрсөн 36 хүүхэд тутамд НЭГ нь аутизмтай гэж оношлогдож байгаа бөгөөд энэ нь нэг талаасаа эрт илрүүлэг болон тусламж үйлчилгээний түвшин дэлхийд хамгийн өндөр байдагтай холбоотой юм. Харин ДЭМБ 100 хүүхэд тутмын НЭГ нь аутизмтай гэж нийтэлсэн байдаг (WHO, 2023).

Аутизмын хүрээний эмгэг дотроо хүнд хөнгөний зэргээс хамааран маш олон төрөлтэй бөгөөд хүн бүрд ялгаатай илэрдэг. Аутизмын  хүрээний эмгэгийн дийлэнх нь удамшлын ба орчны нөлөөний нэгдлээс болж үүсдэг болохыг эрдэмтэд тогтоогоод байна.

Түүнчлэн бид Аутизмын  хүрээний эмгэгийг үүсгэдэг бүх шалтгааныг тогтоогоогүй боловч одоогоор доорх хүчин зүйлүүд аутизмтай хүүхэд төрөх магадлалыг нэмэгдүүлдэг талаар олон орны эрдэмтэн, судлаачид санал нэгддэг. Үүнд:

  1. Аутизмын  хүрээний эмгэг үүсгэх генүүд (100 гаруй ген бүртгэгдээд байна)

  2. Аутизмын  хүрээний эмгэгтэй ах, эгчтэй байх нь дараагийн хүүхэд аутизмтай байх магадлалыг нэмэгдүүлдэг

  3. Зарим хромосомын хам шинжтэй байх (ж: эмзэг Х хромосомын хам шинж)

  4. Ээж нь жирэмсэн үедээ Талидомид, Валпровын хүчил зэрэг эмийг ууж байсан бол

  5. Ахимаг настай аав, ээжээс төрсөн бол (Аав ээж хоёр нь хоёулаа ахимаг настай бол аутизмтай хүүхэд төрүүлэх магадлал 3 дахин илүү байдаг)

bottom of page